AWS Direct Connect гэж юу вэ?
Ихэнх компаниуд AWS-рүү холбогдохдоо ердийн интернэт сүлжээг ашигладаг. Энэ нь ажилладаг ч, интернэтийн дутагдалтай тал болох сүлжээний хоцрогдол (latency), оргил цагийн ачаалал, мөн хэрэглэгчийн хянах боломжгүй олон сүлжээгээр дамждаг гэх зэрэг сул талууд мөн бий.
AWS Direct Connect бол яг энэ асуудлыг шийддэг Amazon-ы үйлчилгээ юм. Энэ нь харилцагчийн дэд бүтэц болон AWS хооронд шууд, зөвхөн хэрэглэгчид зориулсан холболт үүсгэдэг бөгөөд энэ холболт дундын интернэтээр огт дамждаггүй. Энэ нь харилцагчдад тогтвортой, мөн хоцрогдолгүй гүйцэтгэл, өндөр өргөн зурвасын хурд, илүү аюулгүй байдал, мэдээлэл дамжуулах зардлын бууралт зэрэг давуу талыг олгодог.
Direct Connect холболтыг хоёр ангилна.
- Dedicated Connection — AWS Direct Connect байршил дахь AWS сүлжээний төхөөрөмж рүү шууд физик кабелиар холбогдох хэлбэр. Энэ нь тухайн байршилд (data center) байх шаардлагатай бөгөөд ихэвчлэн 1 Gbps-аас дээш хурдаар эхэлдэг.
- Hosted Connection — AWS-ийн албан ёсны хамтрагч компани (Direct Connect Partner) дамжуулан үзүүлдэг холболт. Энэ тохиолдолд харилцагч өөрөө физик холболт үүсгэхийн оронд, хамтрагч байгууллага өөрийн эзэмшдэг порт дээрээ багтаамжийг хэсэгчлэн хуваарилдаг. Энэ хэлбэр нь илүү хурдан, уян хатан бөгөөд Монгол улс шиг AWS-ийн байршилтай шууд ойрхон биш орнуудад хамгийн тохиромжтой сонголт юм.
Mobicom Networks-ээр дамжуулан үйлчилгээ хэрхэн ажилладаг вэ?
Монгол улсад AWS Direct Connect-ийн өөрийн байршил байхгүй бөгөөд манай улсын ямар ч компани шууд AWS роутер руу физикээр холбогдох боломжгүй. Mobicom Networks LLC энэ асуудлыг гурван давхарга бүхий шийдлээр шийддэг — харилцагчийн Монгол дахь байршлаас эхлээд AWS-ийн Virtual Private Cloud (VPC) хүртэлх бүх замыг бид удирддаг:
1. Манай олон улсын гол сүлжээ — Монгол улсаас манай PoP-ууд хүртэл
Mobicom Networks нь Токио, Хонг Конг, Франкфурт хотууд дахь Points of Presence (PoP)-той бөгөөд эдгээрийг Монгол улстай холбосон өөрийн гэсэн олон улсын гол сүлжээтэй (backbone). Цаашид өөр олон байршилд PoP-ууд нэмэгдэх төлөвлөгөөтэй.
2. PCCW Global-ийн Console Connect NaaS платформ — AWS руу орох гарц
Манай PoP цэгүүд дээрхи траффикийг PCCW Global-ын Console Connect Network-as-a-Service (NaaS) платформ-д шилжүүлдэг бөгөөд PCCW Global нь AWS-ийн албан ёсны Direct Connect хамтрагч юм. Энэ платформ нь дэлхийн 60 гаруй оронд тархсан хувийн, автоматжуулсан сүлжээгээр дамжуулан AWS-ийн байршлууд руу өргөн хүрээтэй хандах боломжийг олгодог. Энэ нь hosted connection хэлбэрээр үзүүлэгддэг тул Mobicom Networks харилцагчийн бодит хэрэгцээнд тохирсон багтаамжийг уян хатан хэмжээгээр хуваарилах боломжтой.
3. AWS Direct Connect — харилцагчийн AWS орчин руу орох хувийн холболт
Console Connect-ээс AWS Direct Connect hosted connection шууд нээгдэнэ. Харилцагч дараа нь Virtual Interface (VIF) — хувийн, нийтийн, эсвэл transit төрлийн аль нэгийг үүсгэж, өөрийн VPC нөөц, AWS-ийн нийтийн үйлчилгээ, эсвэл олон бүс нутгийн Direct Connect Gateway руу хандах боломжтой болно.
Pathway of the network:
Харилцагчийн байршил (Монгол) → Mobicom Networks-ийн гол сүлжээ → Mobicom Networks PoP (Токио / Хонг Конг / Франкфурт) → PCCW Console Connect NaaS → AWS Direct Connect → Харилцагчийн AWS VPC
Ийнхүү харилцагчийн cloud траффик нийтийн интернэтээр огт дамжихгүй, Mobicom Networks болон PCCW AWS-тэй хамтран бүрэн хариуцна.
Харилцагчид олгох давуу талууд
- Тогтвортой сүлжээ, хоцрогдол бага. Энэхүү сүлжээ нь интернэтээр дамждаг траффикт байдаг өөрчлөлт, ачааллаас ангид байдаг тул VoIP, видео, ERP/өгөгдлийн сан хуулбарлах, real-time аналитик зэрэг хоцрогдолд мэдрэмтгий ажлын ачааллуудад тохиромжтой.
- Илүү өндөр, баталгаатай багтаамж. Hosted connection нь хэдэн зуун Mbps-ээс олон Gbps хүртэлх хэмжээгээр тохируулагдах бөгөөд хэрэгцээ өсөхийн хэрээр шинэ физик дэд бүтэц хүлээлгүйгээр нэмэгдүүлэх боломжтой.
- Илүү өндөр аюулгүй байдал. Траффик нийтийн интернэтээр дамждаггүй тул тагнах, DDoS зэрэг эрсдэлд өртөх магадлал бага байдаг.
- Мэдээлэл дамжуулах зардлын бууралт. AWS нь Direct Connect-ээр дамжсан траффикт хямд тарифаар мэдээлэл дамжуулдаг тул их хэмжээний траффик (нөөцлөлт, хуулбарлалт, медиа дамжуулалт) ашигладаг байгууллагуудад зардал бодитоор буурдаг.
- Хурдан үйлчилгээнд орох боломж. Шинэ физик холболт барихын оронд одоо байгаа NaaS платформоор дамжуулан hosted connection нээдэг тул хэдэн сар биш, хэдэн долоо хоногт багтаана.
- Нэг хариуцлагатай компани. Mobicom Networks Монгол дахь гол сүлжээ, олон улсын PoP шилжилт, Direct Connect тохиргоо гэсэн бүхэл бүтэн гинжин хэлхээг удирддаг тул харилцагч олон нийлүүлэгчтэй харьцах шаардлагагүй, ганц SLA, ганц харилцах цэгтэй болно.
- Цаашдын өсөлтийн суурь. Манай компани Токио, Хонг Конг, Франкфуртаас гадна цаашид нэмэлт PoP нэмэхийн хэрээр энэ үйлчилгээг ашиглаж буй харилцагчид нэмэлт замын сонголт, найдвартай байдлыг өөрийн тал дээр юуг ч өөрчлөлгүйгээр авах болно.
Монгол дахь компаниуд энэ үйлчилгээг хэрхэн авах вэ?
- Анхны зөвлөгөө авах. Mobicom Networks-ийн байгууллагын харилцагчийн багтай холбогдож, AWS дэх бүс, VPC, хүлээгдэж буй траффикийн хэмжээ зэрэг мэдээллээ өгнө.
- Хэрэгцээний үнэлгээ, дизайн. Манай инженерүүд шаардлагатай багтаамж, нөөцлөлтийн түвшин, VIF-ийн төрлийг (хувийн, нийтийн, transit) тодорхойлж, тохирох PoP-оор дамжих замыг тогтооно.
- Гэрээ байгуулах. Бид орон нутгийн холболт, олон улсын гол сүлжээний хэсэг, Direct Connect hosted port-ыг багтаасан санал илгээнэ.
- Тохиргоо хийх. Mobicom Networks PCCW-ийн Console Connect платформоор дамжуулан hosted connection захиалж, AWS талын тохиргоог зохицуулна.
- Харилцагчийн талын тохиргоо. Харилцагч (эсвэл харилцагчийн өмнөөс Mobicom Networks) AWS Direct Connect консол дээр Virtual Interface үүсгэж, баталгаажуулна.
- Тест, шилжилт. Бид гүйцэтгэл, хоцрогдол, нөөцлөлтийн ажиллагааг шалгасны дараа траффикийг интернэт замаас шинэ хувийн зам руу шилжүүлнэ.
- Тасралтгүй дэмжлэг. Үйлчилгээ идэвхжсэний дараа Mobicom Networks бүхэл замыг — таны байршлаас AWS орчин хүртэл — нэгдсэн үйлчилгээ болгон хянаж, дэмжлэг үзүүлнэ.
Та public AWS ашигладаг уу? Танд сүлжээтэй холбоотой дээрхи асуудлууд байна уу? Тэгвэл бидэнд хандаарай.
Мэйл хаяг: [email protected]

