Цагдаа, дотоодын цэргийн албан хаагчдад чиглэсэн “Үлгэрлэл Манлайлал” арга хэмжээний нээлт боллоо

Цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн албан хаагчдад зориулсан “Үлгэрлэл Манлайлал” арга хэмжээний нээлтэд Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал Тацуяа Хамада уригдан, “Удирдагчийн манлайлал” сэдвээр илтгэл тавилаа. Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотын 1000 гаруй цагдаагийн албан хаагчдын төлөөлөл биечлэн, харин орон нутаг дахь цагдаагийн байгууллагын албан хаагчид цахимаар оролцсон юм.

“Үлгэрлэл Манлайлал” нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2020 онд удирдлагын манлайлал, албан хаагчдын сахилга бат, ёс зүйг сайжруулах зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлж буй “Өнгө нэмцгээе 2020” аяны ээлжит арга хэмжээ бөгөөд Эрүүгийн цагдаагийн алба Мобиком Корпорацитай хамтран хоёр сарын хугацаанд албан хаагчдадаа чиглэсэн төрөл бүрийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон.



Тацуяа Хамада захирлын “Удирдагчийн манлайлал” сэдвээр тавьсан илтгэлийн онцлох хэсэг нь “Манлайллын 6 чухал зарчим” байлаа. Үүнээс гадна тэрээр удирдагчийн хоёр өөр хэлбэрийг танилцуулсан. “Харизматай удирдагчийн хамгийн энгийн жишээ бол сошиал инфлюенсерүүд бөгөөд тэд өөрсдөдөө том зорилго тавьж, бусдаас түрүүлж алхдаг. Ийм удирдагчдыг хүмүүс зүрх сэтгэлээрээ дагадаг учраас үр дүн нь ч өндөр байдаг. Менежментийн удирдагчдын хувьд багийнхандаа, хамт ажилладаг хүмүүстээ өдөр тутамд анхаарал тавьж, тэдний хувьд ментор, дасгалжуулагч нь болдог” хэмээсэн. Цагдаагийн удирдлагуудын зүгээс цагдаагийн албан хаагчдад зориулан сургалт явуулахаар Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал Тацуяа Хамадаг энэ үеэр дахин урьсан юм.

Мобиком Корпораци ЦЕГ-тай олон талаар хамтран ажилладаг бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд “Яараад яахав дээ” нөлөөллийн аяныг хамтран амжилттай хэрэгжүүлээд байна. Энэ аяны хүрээнд орон нутгийн замд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн дугаарыг бүртгэх, хурд хэмжиж, хяналт тавих камерын системийг суурилуулах, хэрэглэгчдэд мессэжээр мэдээлэл хүргэх, Улаанбаатар хотоос гадагш 4 чиглэлийн замд танилцуулга, ухуулга самбар босгох, видео контент хийх зэрэг олон ажлыг хариуцаж гүйцэтгэсэн. ЦЕГ-ын мэдээлснээр өнгөрсөн жилийн “Яараад яахав дээ” аяны үр дүнд орон даяар зам тээврийн ослын тоо өмнөх жилтэй харьцуулахад 14,2 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Энэхүү арга хэмжээний үеэр Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал Тацуяа Хамадагаас гадна Төрийн хошой шагналт, АЖ Н.Жанцанноров “Үлгэрлэл, манлайлал-амжилтын үндэс”, Удирдлагын академийн багш Т.Алтанцэцэг “Хувь хүний маркетинг” сэдвээр илтгэл тавьсан.