“Хүүхдийн тусламжийн 108 утас”-ны үйлчилгээний төвтэй хамтран ажиллах санамж бичгийн хугацааг дахин сунгалаа

Мобиком Корпораци нь Монгол Улсын үүрэн холбооны салбарт анхдагч байгууллага бөгөөд 24 жилийн түүх, энэ хугацаан дахь ололт амжилтын зэрэгцээ хамт олон, харилцагчид, хэрэглэгчид гээд бүх талаараа цар хүрээгээ тэлж, өнөр өтгөн болж чадсан. Энэ ч утгаараа нийгмийнхээ өмнө хариуцлагатай байж, нийгэмдээ маш том нөлөө үзүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг.

Тэдгээр санаачлан хэрэгжүүлсэн төслүүдийн нэг нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Хүүхдийн тусламжийн 108 утас”-ны үйлчилгээний төв юм. Олон улсын хүүхдийн тусламжийн утасны стандарт шаардлагуудыг судалж, тэдгээрт нийцүүлэн гаргасан энэхүү төв хүүхдүүдийг төдийгүй нийгмийн ажилтнуудыг хэрэгцээтэй мэдээллээр нь хангах, зөвлөгөө өгөх, эрсдэл учирсан хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой билээ.



Мобиком Корпорацийн хувьд тус төвийн үйл ажиллагаанд шаардагдах техник технологийн бүхий л шийдэл, программ хангамжийн асуудлыг бүрэн хариуцаж ажилладаг бөгөөд цаашид илүү өргөн хүрээнд ажиллахаар энэ удаагийн санамж бичгээ шинэчлэн байгуулж буй юм.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жилийн дараа 2016 онд НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон Улсын Цахилгаан Холбооны байгууллагаас энэхүү төвийн үйл ажиллагааг үнэлж, “Дэлхийн хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалах шилдэг төсөл”-өөр шалгаруулж байсан. Түүнчлэн 2016 онд батлагдсан “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн гуравдугаар бүлэгт хүүхэд хамгаалалтай холбоотой мэдээ, мэдээллийг хүлээн авах, илрүүлэх зорилгоор яаралтай тусламжийн 24 цагийн утас ажиллуулах тухай зааж, хуульчилж тусгасан байдаг. Эдгээр нь дээрх байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын томоохон амжилтууд гэдгийг талууд онцлон тэмдэглэлээ.

Санамж бичгийн үр дүнд Монгол Улсад ганц байх хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төв нь илүү дэвшилтэт технологиудыг ашиглан, дуудлага бүрийг алдалгүй авах, хүүхэд бүрд хүрч үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.